Цэцэрлэг хотод үйл ажиллагаа буй зочид буудал, амралт, рашаан сувиллын газруудад хяналт үнэлгээ хийлээ.

11Зочид буудал, дэн буудал, мотел, амралт, рашаан сувиллын үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийж, холбогдох хууль тогтоомж болон стандартуудын хэрэгжилтийг хангуулж, байршлын хэрэгслэлийн нэршлийг зөв нэрлүүлж хэвшүүлэх, зөвлөн туслах зорилгоор аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран Цэцэрлэг хот дахь байршлын хэрэгслэлүүдээр хяналт үнэлгээний ажлыг гүйцэтгэлээ. Хяналт үнэлгээг Монгол Улсын “Аялал жуулчлалын тухай хууль” – ийн 10 дугаар зүйл, “Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хууль” – ийн 16.1 дүгээр зүйл, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль” – ийн 16.2.5, “Хог хаягдлын тухай хууль” – ийн 9 дүгээр зүйл, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хууль” – ийн 7 дугаар зүйл, Татварын тухай хуулиуд, Аялал жуулчлалын байр сууцны төрөл, үндсэн шаардлага MNS 5824: 2007, Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлага MNS 6043:2009, Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS 5738:2007 стандартууд, бусад холбогдох журмыг  баримталж явууллаа. Хяналт үнэлгээнд нийт 14 зочид буудал, амралт, дэн буудал хэмээн нэрлэгдсэн газрууд хамрагдахаас Замчин, Баянбулаг, иргэн Туяагийн буудлууд түр хаалттай, ажиллаагүй, Булган, Тэнгэр буудлууд засвартай, засварыг бүрэн дуусгасны дараа эргэж мэдэгдэхээр боллоо. Зочид буудал хэмээн гадна хаяг хадсан буудлуудыг стандартын дагуу зарим нэг гүйцэтгэлийг түүвэрлэн харахад Fairfield guesthouse нь дэн буудлын ангилал зэрэглэлд бүрэн нийцэж байсан ба Буян, Наран зочид буудал нь Зочид буудлын ангилал зэрэглэлд орох хэдий ч үйлчилгээний ажилчдыг мэргэшүүлэх талаар сургалт авах шаардлагатай талаар зөвлөгөөг өглөө. Мөн Тамир, Сүндэр, Richland буудлуудыг орчныг тохижуулах, үйлчилгээний ажилчдын хувцаслалт, харилцааны соёл, цаашид стандартад нийцэж ажиллах талаар заавар зөвлөмжийг өгсөн ба Хос гялбаа мотелыг байршлын хэрэгслэлийн стандартын дагуу аль ангилалд хамрагдах эсэхээ шийдвэрлэтэл ажиллуулах боломжгүйг холбогдох албан тушаалтанд үүрэг болгож, “Буман үсэг” ХХК – ны байрны дэргэдэх халуун устай буудлын үйл ажиллагааг хаах талаар тухайн ажиллуулж буй иргэнд хэлж, гадна талд байршуулсан буудал гэсэн хаягийг буулгууллаа. Цаашид байршлын хэрэгслэл ажиллуулж буй иргэдэд нэршлийн талаар зөв ойлголт өгөх сургалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, улмаар үйлчилгээний ажилчдыг мэргэшүүлэх сургалтыг шат дараатай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.