Нөхөрлөлийн чуулга уулзалт боллоо.

11164814_822350861178774_9017722972197244683_nМонгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган” төрийн ордонд боллоо. Чуулганд 21 аймгийн ЗДТГ, 176 сумын Засаг дарга, Байгаль хамгаалах 1629 нөхөрлөл, 41.3 мянган гишүүний төлөөлөл оролцлоо. Чуулганыг угтсан Экологид ээлтэй бүтээгдэхүүн 2017 үзэсгэлэн гарч Архангай аймгийн Булган сумын Могойнхон нөхөрлөлийн унанги мод, аргал, гишүү, хожуулыг боловсруулж гаргасан утаагүй Био нүүрс Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүний шагналыг хүртлээ. Нөхөрлөлийнхөн энэхүү бүтээгдэхүүнээ ХААИС-ийн багш, зөвлөх-инженжер дэд профессор Б.Мөнхбаттай санал солилцож түүний санаачилсан “Био нүүрс“ хөтөлбөрийн дагуу хийжээ. Гарын дорх хаягдал бүтээгдэхүүнээр утаагүй нүүрс гарган худалдаанд гаргаж байгаа нь иргэдийн амжиргааг дээшлүүлэхэд ач холбогдолтойгоос гадна аймгийнхаа олон уурын зуухнуудын нэгийг ч болов утаагүй нүүрсээр хангаж агаарын бохирдлоо багасгах боломжтой эсэхийг нөхөрлөлийнхөн эрэлхийлж байгаа юм байна. Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулганд манай аймгаас нийт 35 төлөөлөгч оролцсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Байгаль хамгаалах ажил бол эр цэргийн албаа хааж байгаатай дүйцэхүйц нэр хүндтэй ажил гэж би хувьдаа ойлгодог. Байгаль орчноо хамгаалаагүйгээс болж сүйрсэн улс орны алдааг бид давтах ёсгүй. Бид хойч үедээ бүрэн бүтэн эх орныг өвлүүлж үлдээх ёстой. Бид эх дэлхийгээ өвөг дээдсээсээ өвлөж аваагүй, ирээдүй хойчоосоо зээлдэж авсан гэдэг мэргэн үгийг санах ёстой. Гэвч бид өнөөдөр байгаль орчиндоо хэтэрхий халтай хандаж, ашиглалтынхаа явцад алдаа гаргаж байна. Энд байгаль орчны нөхөрлөлүүдийн хяналт, эрчимтэй үйл ажиллагаа чухал” гэдгийг онцоллоо. Чуулганаас төр засгийн удирдлагуудад, нутгийн иргэдэд, нөхөрлөлийн гишүүдэд хандсан зөвлөмж гаргаж хүргүүллээ. Байгаль хамгаалах үйлсэд нутгийн иргэдийг оролцуулах, тэднийг дэмжих ажил анх 1999 онд Өмнөговь аймгийн Баяндалай суманд байгуулагдаж байсан бол өнөөдөр улсын хэмжээнд нийт 1,629 нөхөрлөл, 1,200 гаруй байгаль орчны ТББ, 30 Орчны бүсийн зөвлөл, 21 Усны сав газрын захиргаа ажиллаж, ан агнуурын 71 бүс нутаг, Улсын тусгай хамгаалалттай хоёр газарт мэргэжлийн төрийн бус байгууллагууд гэрээгээр менежмент хийж байна. Манай аймагт Монгол Улсын Ойн тухай хууль болон ойн санг гэрээгээр эзэмшүүлэх журамд заасны дагуу ойн санг хамгаалах, зохистой ашиглуулах, нөхөн сэргээх зорилгоор 480 өрхийн 2240 гишүүнтэй 80 нөхөрлөлд 251271 га ойн санг гэрээгээр эзэмшүүлсэн байдаг.