ОЙН САНГ ГЭРЭЭГЭЭР ЭЗЭМШИГЧ НӨХӨРЛӨЛҮҮДИЙН ГИШҮҮДЭД СУРГАЛТ ХИЙЛЭЭ.

Булган, Ихтамир, Эрдэнэмандал, Хотонт сумдын ойн санг гэрээгээр эзэмшигч 16 нөхөрлөлийн 162 гишүүдийг хамруулсан уулзалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль хамгаалал ногоон хөгжлийн нөхөрлөлүүдийн үндэсний холбоотой хамтран зохион байгууллаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/159 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Оюунгэрэл, Байгаль хамгаалал ногоон хөгжлийн нөхөрлөлүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гансэлэм нар ажиллалаа. Орон нутгаас аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сум дундын Ойн ангийн төлөөлөлүүд уулзалтанд хамтран оролцож нөхөрлөлүүдийн тулгамдаж буй асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар чиглэл өгч мэдээлэл хийв. Уулзалтанд Байгаль хамгаалал ногоон хөгжлийн нөхөрлөлүүдийн үндэсний холбооны мэдээллийн санд бүртгэлтэй, идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 16 нөхөрлөлийг оролцууллаа. Энэ удаагийн уулзалтын гол зорилго нь: 1. Байгаль хамгаалах үндэсний II чуулганаас гарсан шийдвэр, зөвлөмжийг танилцуулах; 2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулинд оруулах гэж буй нэмэлт өөрчлөлтүүдийг тайлбарлах; 3. Байгалийн сэргэн ургалтыг дэмжих, ойжуулалтын ажлын үр өгөөжийг дээшлүүлэх; 4. Ойд цэвэрлэгээ, ойн дагалт баялаг ашиглах; 5. Мод үржүүлэх, ойг нөхөн сэргээх ажил; 6. Ойн унанги, мөчир, гишүү, навч, боргоцойг ашиглан экологид ээлтэй бүтээгдэхүүнийг урлаж тодорхой үнээр арилжиж дундын сангаа арвижуулах гэх мэт нөхөрлөлүүдийн өмнө тулгамдаж буй олон асуудлын талаар ярилцаж дээд шатны байгууллага, албан тушаалтануудад хүргэж шийдвэрлүүлэх нь уулзалтын гол зорилго байв. Ойн цэвэрлэгээ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, байгалийн сэргэн ургалтыг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх, экологид ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж дундын санг нэмэгдүүлэх, бий болгох зорилгоор БОАЖЯ-наас уулзалтанд хамрагдсан 16 нөхөрлөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Энэхүү дэмжлэгийг нөхөрлөлүүд хариуцсан ойн сандаа цэвэрлэгээ хийж цэвэрлэгээнээс гарсан мод, шургаагаар байгалийн сэргэн ургалт явагдаж буй талбайг хууль бус мод бэлтгэлт, малын хөлд гишгэгдэхээс хамгаалах зорилгоор хамгаалалтын хашаа байгуулах, унанги, мөчир, гишүү, навч, боргоцойг ашиглан экологид ээлтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зарцуулах юм. Ойн нөхөрлөлүүдийн төлөөлөлтэй сум дундын Ойн анги гэрээ байгуулан уг ажлыг гүйцэтгүүлнэ. Гүйцэтгэлийн ажилд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сум дундын Ойн анги, сумын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид заавар зөвлөмж өгч тогтмол хяналт тавьж ажиллана. Уулзалтанд оролцсон нөхөрлөлийн ахлагчдын үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсож байхад олон хэрэгтэй ажил, арга хэмжээг зохион байгуулдаг нь харагдаж байлаа. Жишээлбэл Булган сумын Могойнхон, Ихтамир сумын Их өлөнт, Баян байгаль нөхөрлөлүүд бусад нөхөрлөлөө бодвол үйл ажиллагаа нь идэвхижиж байгаа нь харагдав. Ойн аж ахуйн арга хэмжээг менежментийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхээс гадна жилд 3 – аас доошгүй удаа нөхөрлөлийн бүх гишүүдийн хурал хийдэг, био нүүрс үйлдвэрлэж зах зээлд борлуулдаг, хийж гүйцэтгэх ажил, арга хэмжээг хамтаараа шийддэг, нэг өрхөөс нэг эм бог малыг авч амжиргааны түвшин доогуур өрхөд хоёр жил маллуулан төлөөр нь 100 % малжуулж дараагийн айлд шилжүүлэн өгөх, хөгширсөн богийг зах зээлд нийлүүлэн дундын санд хуримтлал үүсгэдэг, нөхөрлөлийн гишүүд хамтаараа амралт зугаалгаар явдаг зэрэг олон сайхан ажил арга хэмжээг зохион байгуулдаг тухай ярьж байв. Ойн сангаа хамгаалахын зэрэгцээ ойн баялаг, биологийн олон янз байдлыг түшиглээд байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой тухайгаа ярьж хэрэгжүүлэх санааг гаргаж буй нөхөрлөлийн төлөөлөл цөөнгүй байлаа.